Захирлын мэндчилгээ

Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе!

Юуны өмнө өнгөрсөн 20 жилийн хугацаанд бидэнд итгэж, бидэнтэй хамт байсан хамт олон, үйлчлүүлэгч, бизнесийн түнш, харилцагч байгууллагууддаа гүн талархал илэрхийлье.

Монгол улсад автотээврийн анхны шавыг тавьсан "Монгол тээх"-ээс улбаалан, уул авто аж ахуйг 1-р бааз хэмээн нэрлэж, түүнээс зорчигч тээвэр тасран 2-р бааз гэх мэтээр байгуулагдсаныг түүх өгүүлдэг билээ.Зах зээлийн нөхцөлд шилжих үед ууган авто баазаа ор үндэсгүй алдах вий гэж ахмад тээвэрчид сэтгэл эмзэглэж байсан. Энэ үед Алтайн уулсын ноён тэргүүн гангар цагаан Сутайгаар овоглосон Монгол улсын гавъяат тээвэрчин Готовын Балданшаравын үүсгэн байгуулсан "Сутайн буянт" ХХК нь уламжлалыг хадгалж тээврийн үйл ажиллагаагаа 20 жил тасралтгүй ард иргэддээ хүргэсээр байна.

Өдгөө "Авто тээх" хэмээх автотээврийн анхны байгууллагын гал голомтыг залгаж яваа манай хамт олон автотээврийн үйлчилгээ, авто сэлбэг худалдааны зах, барилгын материалын худалдааны зах, хүүхдийн цэцэрлэг, цайны газар гэсэн чиглэлээр ажиллаж үйл ажиллагаагаа улам өргөжүүлсээр байна.

Бид хамт олон, үйлчлүүлэгч, хамтран ажилладаг байгууллагуудаа найдвартай үйлчилгээгээр хангаж ажиллах ба манай компанийн үүд хаалга бидэнтэй хамтран ажиллах хүсэлтэй хэн бүхний өмнө үргэлж нээлттэй байх болно.
Та бүхний алтан шар зам өлзийтэй байх болтугай.

Захирал Г.Oчир